Төрсөн өдрийн мэнд хүргэе, Эрхсаран

2012 оны 04-р сарын 04 Нийтэлсэн О.Тамир

Сүүдрийн тусгал шиг дэргэдээсээ холдуулалгүй баяр гуниг, уйтгар хөөрөөр салшгүй нэгэн зангилаа болж, хожмын өдөр нөхөрлөсөн үеэ саналгалзахад таатай байг. Итгэлээр жигүүрлэж, сэтгэлээр учирсан найзууд чинь энэхэн өдрийг жил бүртээ ганцхан удаа өнгөрөөдгийг бүхнээс илүү мэднэ.Өнөөдөр 2012 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр. “Зууны мэдээ” сонинд хамтдаа “Ариунаадаж” явсан найз Жанерке /Эрхсаран/-гийн минь төрсөн өдөр. Өглөө сэрэхдээ чи чухам өнөөдрийг юу гэж төсөөлсөн болоо. Амьдралынх хамгийн чухал энэ л өдрийг эгэл жирийн нэгэн өдрөөр төсөөлөн боссон болов уу. Баярын мэнд хүргэх найз нөхдийнх нь дотно үгс сэрсэн мөчөөс нь эхлэн, тасраагүй нь гарцаагүй.  ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.


Дайны энтэй “цус асгаруулсан” тоглолт

2012 оны 02-р сарын 06 Нийтэлсэн О.Тамир
Өнгөрсөн долоо хоногт хөлбөмбөгийг ертөнцийг айдас, аллагаар “заналхийлсэн” үйл явдал Египетийн “Премьер лиг”-т тохиолоо. Үүнийг Олон Улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ “Орчин үеийн хөлбөмбөгийн ертөнц дэх яргалал” гэж үзэн, хоёрдугаар сарын 1-ний өдрийг “хөлбөмбөгийн түүхэн дэх хар лхагва гариг”-аар зарласан билээ. Харин Египетэд гурав хоногийн гашуудал зарласан юм.

Египетийн хөлбөмбөгийн “Аль Масри”, “Аль Ахли” багийг талбайдаа хүлээн авч, 3:1-ийн харьцаатай хожсоны дараа Аль Масри багийг хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн талбай руу дайран орж, зочин багийн хөлбөмбөгч, дасгалжуулагчдыг зодон, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Хоёр багийн тоглолтын өндөрлөхтэй зэрэгцэн, тусламж гуйн, амь аврахыг хүссэн олон мянган иргэн цагдаа болон түргэн тусламж руу залгасан ч энэ цаг үе нь тэдний амьдралынх нь сүүлийн хором байжээ. Эмх замбараагүй байдлын улмаас 73 хүн нас барж, мянга 1400 гаруй хүн хүндээр гэмтсэн гэдэг мэдээллийг Аль Жазеера агентлаг өгч байна. Гэхдээ нас барагсдыг тоог "Ройтерс" агентлаг 74, "Ассошейтд Пресс" 77 гэж мэдээлж байгаа юм. Нас барагсдын ихэнх нь Каир хотоос ирсэн хөг­жөөн дэмжигчид бөгөөд дэлбэрсэн салют, зодооноос зугтах үедээ авсан гэм­тэл, мөн толгой руугаа цо­­хиулс­­наас болсон гэж Еги­пе­тийн эрүүл мэндийн яамны тө­лөө­лөгч мэдэгдлээ. Мөн цагдаа, цэнгэлдэхийн хамгаалахын ажилтнууд амь эрсэджээ.

-Цагдаа, түргэн тусламж хэтэрхий оройтож ирсэн. Тэд мөргөлдөөнийг зогсоохоор нулимс асгаруулагч, даралттай ус, хийн буу зэргийг хэрэглэсэн ч мөргөөн зогсоогүй. Тэд галзуурсан мэт аашилж буй 22 мянган хөгжөөн дэмжигчдийн өмнө хүчин мөхөсдөж, цэнгэлдэхийг тэр чигт нь бүсэлсэн. Гэвч жинхэнэ “дайн” цэнгэлдэх дотор болж байсан юм. Хөгжөөн дэмжигчид багаараа талцан, таарсан хүн бүрийг зэрлэгээр зодож, бүр нэгэн залууг араас хутгалж байхыг ч харсан гэж хөгжөөн дэмжигч хэлжээ. Мөн Яагаад Дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагууд өдий хүртэл дуугүй бай­на бэ? Энэ бол урдаас төлөвлөсөн ажиллагаа. Нутгийн багийн /Аль Масри баг/ хөгжөөн дэмжигчид энэ цус асгарсан мөргөлдөөнийг өдөөн хатгасан. Ийм аймшигтай тоглолт өмнө гарч байсангүй. Бид өстөн мэт харьцдаг Израйлийн шигшээ багтай тоглоход ч ийм зүйл болж байгаагүй” гэж Халед Саад гэдэг фанат ярьжээ.

Тэгвэл Порт-Саид хотын эмнэлгийн дарга “Манай эмнэлэгт, миний нүдэн дээр гэхэд л 42 хөгжөөн дэмжигч анхны тусламж ч гүйцэд авч, чадалгүй амиа алдлаа. Одоогоор 800 гаруй хүн хүнд гэмтсэн байдалтай байна” гэж ярьжээ.

Харин Порт-Саид хотын цагдаагийн байгууллагаас энэхүү мөргөлдөөнийг эртнээс зохион байгуулсан байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна. Тэд цэнгэлдэхэд хутга, зодолдохоор бэлдсэн мэт төмөр зэргийг яаж оруулсан байж болох талаар судалж эхэлсэн.Энэхүү таамгийг батлах мэт, “Аль Ахли” багийн нэгэн тамирчин “Тэмцээн эхлэхээс өмнө “Аль Масри”-гийн хөгжөөн дэмжигчид манай багийн тамирчдыг элдвээр доромжлон, юм шидэж, орилолдож байсан. Египетийн хөлбөмбөгийн холбоо энэ тоглолтыг цуцалж болох л байсан. Харин хоёр багийн тоглолтоос олох ашгаа бодоод цуцлаагүй. Эсрэг багийн хөгжөөн дэмжигчид манай багийн зарим залуусыг хувцас солих өрөө хүртэл хөөж зодсон” гэсэн мэдүүлэг өгчээ. Порт-Саид цагдаагийн байгууллагаас “Цэнгэлдэх рүү орсон хөгжөөн дэмжигч нэг бүрчлэн шалгана. Цэнгэлдэх рүү орсон хүн бүр камерт бичигдсэн байгаа” гэж мэдэгдсэн ч энэхүү тоглолтын дараанаас эхэлсэн эмх замбараагүй байдал, олон хотыг хамарч, одоог хүртэл зогсоогүй байна. Үүнээс үүдэн хөлбөмбөгийн хэт даврагч хөгжөөн дэмжигчдийг шалгаж, чадахгүйд хүрээд байна. Гэхдээ Порт-Саидад болсон энэхүү эмгэнэлт мөргөлдөөн Африк тивд анх удаа болж байгаагүй. Өмнө нь2001 оны тавдугаар сарын 9-нд Гана улсад болсон хөлбөмбөгийн фанатуудын мөргөлдөөний улмаас 129 хүн амь насаа алдсан тохиолдол бий.

Хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 25-нд Тахрирын талбайдаа дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн унагасныхаа нэг жилийн ойг тэмдэглэн, баярын нулимс унагаж байсан Египетчүүд ердөө долоо хүрэхгүй хоногийн дараа ийн эмгэнэл, айдсын нулимсанд дарагдаад байна.

Ууц, Эрээний барааг “халъя”

2012 оны 02-р сарын 06 Нийтэлсэн О.Тамир

Ууц худалдаж тавихгүй бол Цагаан сар болохгүй өнгөрчихнө. Монгол түмний эртний сайхан заншил, жилдээ ганцхан тохиодог Цагаан сараар нүнжигтэй загнаж, хүнээс мөнгө зээлж байгаад ч болов ууц л авъя. Хөндөх ууцгүй цагаан сар бол яг л давсгүй хоол мэт санагдчихлаа. Олигтойхон мөнгө зээлчихвэл ч аль томоос нь шилж байгаад авдаг хэрэг. Тэгэхгүй бол Цагаан сарыг “жижигхэн” тэмдэглэсэн гэж “доошоо” орчихно.

Өнөө хэдэн махны ченж чинь Цагаан сарын “үнэр” авчихаад, ууцныхаа үнийг нэмчихсэн сурагтай. “Эрэлт ихтэй үедээ 300 мянга төгрөг хүрэх бол энүүхэнд. Авбал ав. Ийм сайхан ууц 250-хан мянган төгрөгөөр олдохгүй дээ” гээд хээв нэг худалдан авагчиддаа гайхуулж байгаа гэнэ. Цагаан сар гэдэг ууцтай баяр болдоггүй байсан бол гулууз махны талыг 250 мянгаар төгрөгөөр худалдаж авах бэлтэй монгол бид мөн үү. Заримдаа нийслэлчүүд бүгдээрээ ууц хэрэглэлгүй цагаан сараа тэмдэглэчихвэл ч махны үнийг дураараа нэмдэг ченжүүд “далаараа тавиулах” байх даа гэж бодоод, түүндээ итгээд хэсэг баясах юм.

Даан ч ууцаараа биендээ гайхуулж, Эрээний барааг хэдэнтээ солилцохгүй бол орчин үеийн цагаан сар гэдэг баяр утгаа алдана биз дээ. Уг нь дээр үед Малчдын цагаан сар гэж нэрлэн, идээ будаагаараа биенээ дайлан, хол ойрын хамаатан садангуудтайгаа уулздаг сайхан баяр байсан юм гэнэ лээ. Төв суурин газар нь тэмдэглэдэггүй. Нууцаар тавагтай идээ төдийхөн засаад, ойр тойрныхонтойгоо золгоод өнгөрдөг байсан гэдэг. Энэ уламжлал өдий хүртэл мөрдөгдсөн бол мал дээрээ байгаа, бүр цаашилбал цагаан сарын ууц дээрээ малчдын хөлд “чирэгдэхгүй” байж. Малчдын бахархал ирэг хонины том ууц сайхан ууц байхад нийслэлийн бид түүнийг дагаж, цагаан сарын ууцаар биендээ онгирч л байдаг.

Харин саяхан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Цагаан сарын баяраар ууц, өвчүү тавихгүй байх, Хятадын эрээн мяраан зүйлээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ. Үнэний ортой байж болох юм шүү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архи бус сүү өргөж байх уриалга гаргасны дараа төрийн албаны урсгал зардал 50 хувь хүртэл буурсан гээд “мундаг” үзүүлэлт гарсан. Ууцыг халж, Эрээний барааг солилцохоо байвал Цагаан сарын урсгал зардал хэдэн хувиар буурах бол. Багагүй тоо гарах байх шүү. Хэдий болтол бид Эрээний наймаачин, махны ченжийг тэтгэх юм. Одоо тэд маань “хагартлаа” баяжаа биз. Ер нь бол ууцтай, Эрээний бараатай ч бай, үгүй ч бай Монгол түмний эртний заншилт Цагаан сар болдгоороо болно. Больё. Ууцгүй цагаалцгаая урианд нэгдлээ. Монголчууд бидний нэрэлхүү болохоор өрөнд ороод ч болов баяр ёслолыг бусдаас дутахгүй, илүү том, үнэтэйд дурладаг. Үнэтэй ууц тавилаа гээд бид баяжсангүй. Амьдрал ахуй ч дээшилсэнгүй.

Авдаг бэлэг нь хүмүүст таалагддаггүй. Цагаан сараар дансаа “харлуулахгүйн” төлөө энгийн тэмдэглэвэл зүгээр биш үү. Эртнээс уламжлагдан ирсэн баяр хэмээн хэт хэтэрхий ёсорхох хэрэггүй.

Аавтай хүн ууц тавьдаггүй гэсэн монголын ёс байдагсан.

Монголын шинэ үеийн зүйр цэцэн үгс

2012 оны 02-р сарын 02 Нийтэлсэн О.Тамир

Үүнийг хэн зохиосныг мэдэхгүй. Гэхдээ сонин юм билээ.

Самар цөмбөл дуустал, Сахар хийвэл уустал. Зодохын муу пойлдох, ярихын муу сенсаацлах. ... Энгийн иргэд ярьжил байдаг, Эрхэм гишүүд хуцжил байдаг. Санаж явбал мартахгүй, Сажилж явбал амжихгүй. Дуудах нэрийг пасспортон дээр бичдэг, дуурсах хочийг найзууд өгчихдөг. Ядрах цагт гутлын чанар танигдана. Эрдмийг нетээр сурдаг, эрлийг гүүглээр олдог. Энхтайваны гүүр урт, Элбэгдоржийн хүзүү богино 

Цахим ертөнцийн ″Цезарь″

2012 оны 02-р сарын 02 Нийтэлсэн О.Тамир

Одоогоос найман жилийн тэртээ Марк Зюкерберг коллежийн дотуур байрандаа хүссэн хүн болгон нь өөрийн зургаа тавьж, хувийн мэдээлэлтэй байх төдийгүй хоорондоо мэдээлэл солилцдог нэгэн программыг зохиожээ. Энэ бол өдгөө дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй нийгмийн сүлжээний нэг болох Facebook юм. Дотуур байрны давчуухан өрөөнд мэндэлсэн энэхүү программ өдгөө 900 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Энэ сайт нь тухайн хүний талаарх бүхий л мэдээлэл, тухайлбал, сонирхол, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний онцлог зэрэг тухайн хүний онцлог шинжийг дэлхийд таниулах боломжийг олгодог. Хэрвээ та энэхүү сайтад өөрийн профайлыг үүсгэсэн л бол зураг, ажлын намтар, амьдралын зорилго чиглэлээ хүн болгонтой хуваалцаж, бүр таны бухимдалыг төрүүлж байгаа зүйл чинь юу вэ гэдгийг хүртэл чөлөөтэй илэрхийлж болно. Магадгүй энэ их эрх чөлөөнийхөө хүчээр Ойрхи Дорнодын ихэнх улсуудад хувсгалыг эхлүүлсэн ч байж болох юм. Хэдийгээр дэлхийн гэр бүл салалтын 15,3 хувийг, амиа хорлох шалтгааны 10 хувийг эзэлж байгаа гэх судалгааны дүн байгаа хэдий ч найман настай жаал, наян настай хөгшин, дарга, цэрэг, улсын ерөнхийлөгч хүртэл энэ сайтаар үйлчлүүлж хэрэглэгчдийн хүрээг нь тэлсээр байна. Шүдний эмч Эдвин Зюкерберг, физикч Карен нарын гэрт 1984 оны тавдугаар сарын 14-нд айлын отгон хүү болон нэгэн хүү мэндэлжээ.Тэр хүү хожим нь дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болчихно гэж гэр бүлийнхэн нь тухайн үед төсөөлөө ч үгүй байсан биз. Энэ бол Марк Зюкерберг юм. Тэрээр еврей үндэстэн бөгөөд багаасаа жүүд айлын нарийн ёс журмын дор хүн болжээ. Гэвч тэрээр Facebook дэх өөрийн хуудасдаа шашингүй үзэлтэй гэж бичжээ. Ардслигийн ахлах сургуульд суралцаж байгаад Филипс Экстерийн академи руу 1997 онд шилжсэн байна. Учир нь өмнөх сургуулиас нь илүү гүнзгий шатны мэдлэгийг олгож, заадаг хичээлийн программ жирийн сургуулийнхаас хүнд байснаас ийнхүү сургуулиа шилжүүлжээ. Шилжэн орсон жилдээ ерөнхий эрдэм болон шинжлэх ухааны хичээлүүддээ амжилт гарган шилдэг сурагчийн шагналыг хүртсэн байна. Тэрээр бүх хичээлдээ сайн байсан бөгөөд Латин, Грек, Мандарин Хятад хэлтэй, түүгээрээ мэргэжлийн төвшинд бичдэг байлаа. Green Day, Jay-Z бол Маркын шүтээн. Одоо хэр нь тэдний дуунд дуртай байдаг аж. Бага байхдаа тэрээр компьютерийн бүх төрлийн дайны чиглэлийн тоглоомонд дуртай, түүгээрээ үеийнхээ хүүхдүүдээс ялгарч чаддаг байжээ. Мөн дайны төрөл бүрийн баатарын зурагтай зурагт картан тоглоомыг тэр сонирхон цуглуулдаг байсан гэдэг. Гэхдээ тэр хэдхэн жилийн дараа цахим ертөнцийн бодит “дайн” руу явж орно гэдгээ төсөөлж байсан болов уу?

Тоглоомноос бодит ертөнц рүү...

Марк Зюкерберг дунд сургуульд байхдаа анхныхаа программыг зохион бүтээжээ. Atari BASIC programming нэртэй түүний анхны программыг аав нь софтвейр хөгжүүлэгч Дэвид Ньюмэн анх танилцуулж байсан гэдэг. Тэр үед Марк 13 настай байлаа. Хожим нь Дэвид Ньюмэн түүний багш болсон байна. “Тэр бол миний анхны бөгөөд эцсийн шавь. Би анхны уулзалтаа тод санадаг. Би түүнд программ зохиох талаар зааж байхад таных дээр үүнийг нэмбэл илүү дээр гээд нэг зүйл үзүүлж байсан. Зааж эхлэхээсээ өмнө би түүнийг надаас илүү болно гэдэгт нь итгэж байсан” гэж Дэвид дурсан ярьсан байдаг. Энэ цаг мөчөөс хойш тэр программ зохиох, үйлдлийн системийг төрөлжүүлэх, тоглоом зохиох хүсэлд автах болсон юм. Ахлах сургуульд орсон жилдээ зохион түүний программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашигласан гэдэг. Тухайн үедээ аавынх нь эмнэлэг “ZuckNet” нэртэй түүний программаа ажлаа явуулж байжээ. Энэ программ нь эмнэлэгт бүртгүүлсэн үйлчлүүлэгч нар тусгай нууц үг авдаг бөгөөд гэрээсээ эмнэлэгт холбогдож дараалал захиалах, ямар төрлийн эмчилгээ хийлгэх талаар мэдээлэл үлдээдэг байжээ. Мөн эмнэлгийн үйлчилгээний талаарх сэтгэгдэл үлдээх боломжийг ч уг программд багтаасан байдаг. Жилийн дараа AOL /America Online/ компаниас instant Messenger-ийн программыг худалдаанд гаргасан нь үйлдлийн хувьд залуу Маркын программтай ижил төстэй байсан гэдэг. Марк Зюкерберг ахлах сургуульд байхдаа Intelligent Media Group нэртэй компаниа байгуулсан бөгөөд худалдаанд гаргасан анхны программ нь Synapse Media Player байлаа. Тухайн энэхүү программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дууг ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсох боломжоор хангаж өгсөнд хамгийн гол онцлог нь оршиж байсан гэдэг. Тухайн үед нэр хүнд нь түгэж, амжилтанд хүрээд байсан Slashdot сайтад ямар нэгэн сэтгэгдэл үлдээхэд тухайн тоглуулагчид хүссэн дуу нь суудаг байжээ. Программ гарсан даруйдаа мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч цахим ертөнцийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох PC Magazine сэтгүүл 4 одын үнэлгээг авч байлаа. Сэтгүүл энэ үнэлгээг өгч байх мөчид Зюкерберг рүү алдарт Microsoft компаниас утасджээ. Түүнд өөрийн компанитай нэгдэж программыг нь худалдаж авч байх саналыг Билл Гейтс хувийн туслахаараа дамжуулан тавьж байсан аж. Гэтэл 2002 оны 12 сард Харвардад элсэх урилга ирсэн учраас энэ саналыг арга буюу хүлээж аваагүй гэдэг. Харвардад хөл тавьсан анхны жилүүддээ тэрээр сургалтаараа, амжилтаараа бусдыгаа манлайлж чадаж байлаа. Харвардад ороод Зюкербергийн зохиосон шинэ программ нь CourseMatch байсан юм. Тэрээр Харвардын курс болгоныг ангилсан дөрвөн шинэ цонх нээж хувийн мэдээллээ, солилцож байх зориулалттай өдрийн тэмдэглэл шиг программыг зохиосон байна. Удалгүй тэрээр энэ программаа улам сайжруулж FaceMatch нэртэй болгожээ. Өмнө нь зөвхөн хувийн мэдээллээ тавьдаг байсан бол зураг оруулдаг, өөрийн болоод бусдын зурган дээр сэтгэгдэл нэмж болдог шинэ зүйлүүдийг тэрээр энэ программдаа нэмсэн гэдэг. Энэ программ зохиогдсоноосоо хойш долоо хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суусан бөгөөд тус сургуулийн оюутны хотхоны орох дуртай программын нэг болжээ. Гэхдээ тэр зөвхөн сургуульдаа ашиглуулдаг байхыг хүссэнгүй. Тэр хүссэн хүн болгон өөрийн гэсэн хуудас нээж, хүссэн мэдээллээ хормын дотор солилцдог томоохон сайтын хэмжээнд хүргэхийн тулд орой болгон сууж программаа нэмж сайжруулдаг байлаа. “Бид тэдэнд программын нэрийг өөрчил гэж ятгадаг байлаа. Бид Facebook гэж нэрлэ гэж ятгадаг байсан. Тэр тэгэхэд бодож үзэж болох л юм гэж хариулж байсныг нь санаж байна” гэж өрөөний анд Ари Хасит нь хожим дурсан ярьжээ.

Дайны талбарт...

2004 оны хоёрдугаар сарын 4-ний өглөө Харвардын оюутны хотхоны дотуур байрны давчуухан өрөөнд дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээ мэндэлжээ. Тэрээр энэхүү программынхаа санааг бараг хоёр жилийн өмнөөс бодож олсон бөгөөд “The Photo Address Book” нэртэй программаасаа санаа аван “Facebook” программаа зохиосоон байна. Харвардын их сургуульд анх үүнийг суурилуулж байхад оюутан залуусыг хооронд холбож, нэг, нэгнийгээ мэдэх хамгийн хялбар, сонирхолтой арга гэдэг нь батлагдсан тул тэрээр олон хүний сонирхолыг татна гэдэгт нь итгэж байлаа. Гэхдээ түүнд нэгэн бэрхшээл тулгарсан юм. Хэрхэн борлуулж, олон нийтэд яаж таниулах вэ гэдэг нь хамгийн том асуудал байлаа. Түүний өрөөний анд болох Дастин Московиц нь Facebook программын талаар их сургуулиудад таниулж, туслахаа амласан юм. Хэдхэн долоо хоногийн дараа Stanford, Dartmouth, Columbia, New York University, Cornel, Pennsylvania, Yale-н их, дээд сургууль, коллежуудад үнэгүй суулгажээ. Хоёр сарын дараа Зюкерберг хамтрагчидтайгаа Калифорни мужийн Пало Алто хот руу шилжиж, анхныхаа оффисыг хувийн жижигхэн байшинд нээж байсан гэдэг. Хувийн компаниуд худалдан авах саналыг Марк болон түүний найзуудад илгээснээр тэд Калифорни мужийн төвд томоохон албан тасалгаа худалдан авч, зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөө шинэчлэн боловсруулж, албан ёсоор компаниа байгуулсан байна. Тэд ч санал ирүүлсэн компаниуд болон өөр бусад компаниудад энэхүү бүтээгдэхүүний тухай танилцуулж, сурталчилгаа суурилуулж байснаас гадна зөвхөн тухайн компанийнханд зориулсан Facebook-г үүсгэж байлаа. Тэрээр 2007 онд өгсөн ярилцлагадаа “Бид анх мөнгөний тухай, хэдэн долларын ашиг олох тухай боддог ч үгүй байсан. Би болон манай нөхдийн боддог байсан ганц зүйл нь хувь хүн бүр өөрийн хүссэн мэдээллээ чөлөөтэй солилцож болох хамгийн сонирхолтой нийгмийн сүлжээг бүрдүүлэх л байсан юм” хэмээж байжээ. 2004 оны гуравдугаар сард тусгайлсан цахим хуудас нээх тал дээр Дастин Московиц, Эндрью Макколум, Крис Хьюс, Эдуардо Саверин нар нэгдэж ажиллаж эхэлжээ. Анхны сурталчилгаагаа Бостон хотын их сургууль, коллежуудын дунд болдог үндэсний хөлбөмбөгийн лигийн үеэр байрлуулж байсан гэдэг. Мөн Канад болон АНУ-ын их сургууль төгсөгчдийн холбоодод өөрсдийн цахим хуудсын талаар сурталчилгаа хийж байжээ. 2004 оны зуны дунд сард Зюкерберг болон түүний хамтрагчидтай Шон Паркер хэмээх бизнесмэн уулзаж цахим хуудасний домейн нэр авахад туслах хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ингээд 2005 оны нэгдүгээр сард facebook.com нэртэй цахим хуудсыг 200 мянган ам.доллараар худалдаж авсан гэдэг. 2004 оны зургадугаар сард Paypal цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Петр Тил 500 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийсэн нь Facebook-д оруулсан хамгийн анхны хөрөнгө оруулалт болжээ. Дараа жил нь Accel Partners 12,7 сая, Greylock Partners 27.5 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, facebook сайтыг хөл дээр босгоход томоохон түлхэц үзүүлсэн байна.

Дайснуудын хараанд...

Facebook-г Марк Зюкерберг зохион бүтээсэн цагаасаа л өөртөө дайсан дуудаж байсан юм. Үүнийг гэрчлэх нэг баримт бол анх зохион бүтээснээс хойш 6 хоногийн дараа Харвардын нэгдүгээр курсын 3 оюутан санаа хулгайлсан нэрээр шүүхэд хандсан байна. Камерон болон Тейлор Винклвосс, Дивя Нарендра нар Зюкербергийг өөрсдийн бүтээсэн сайтнаас санаа хулгайлсан гэж үзэцгээсэн юм. Зюкербергийн хулгайлсан гэж үзэж байсан сайт нь HarvardConnection.com сайт байжээ. Нүүр хуудсанд зураг байршуулах, сэтгэгдэл үлдээх, шууданд ил захидал үлдээх зэргийг тус сайтнаас санаа авсан гэдгийг сөргөлдөгч талынхан баталж байлаа. 2004 онд Бостон хотын тойргийн шүүхэд хандсан хэдий ч шүүхээс буцаагдаж 2007 оны гуравдугаар сарын 28-нд дахин шүүхэд дууджээ. I2Hub нэртэй бүтээлээс санаа авсан эсэхийг жилийн турш шалгасны эцэст зарим нэг линкүүдээс санаа авсаныг нь тогтооож 2008 оны зургадугаар сарын 25-нд The Winklevoss Chang Group-д тус бүр нь 1,2 сая долларын нийтдээ 20 сая долларын нөхөн олговорыг facebook-с гаргах шийдвэрийг гаргасан байна. Нэгэн цагт түүний бизнесийн хамтран зүтгэгч гэгдэг байсан Эдуардо Саверин түүнийг шүүхэд дууджээ. Шүүхэд дуудах болсон гол шалтгаан нь анх байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэнд оршиж байлаа. Гэвч шүүхээс гэрээний ямар нэгэн зөрчилгүй гэж үзэн буцаажээ. 2010 он зургадугаар сард Пакистан улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Мохаммед Азхар Сидике Зюкерберг, Московиц, Хьюс нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь facebook-н дэлхий даяарх хэрэглэгч нарын дунд Мохаммедыг хэн сайн зурах вэ уралдааныг зарласанд оршиж байлаа. Тавдугаар сарын сүүлд уралдаан өндөрлөж, facebook-н удирдлагын зүгээс залруулга тавьсанаар энэ хэрэг намжжээ. MySpace нэртэй нийгмийн сүлжээг үүсгэсэн News Corp компани 2005 оны долдугаар 19-нд Facebook сайтыг худалдаж авах саналыг Зюкербергт тавьжээ. Энэ саналыг тавихад л компанийн зүгээс буцааж гэрээ хийхгүй гэдгийг сануулсан гэдэг. Хэдийгээр Зюкерберг зарахгүй гэж байсан ч News Corp-ын санал болгосон 750 сая доллар эцэстээ 2 тэрбум доллар болгон өсгөжээ. 2007 оны 10 дугаар сарын 24-нд Microsoft компаниас нэгэн санал ирүүлсэн байна. Тэд facebook-н нэг ч программыг нь орхигдуулахгүйгээр 15 тэрбум доллараар авах хүсэлт байжээ. Гэсэн ч үүнийг Зюкерберг хүлээж аваагүй байна. 2008 оны наймдугаар сард нэр нь үл мэдэгдэх нэгэн компани 5 сая доллараар худалдаж авах саналыг ирүүлж байсан ч Зюкербергийн санааг эргүүлж чадсангүй.

Шинэ эхлэл…

“Хүн болгон биднийг компаниа зарна гэж хардаг. Тэгвэл үгүй гэж хэлье. Гэхдээ бид хэзээ ч зарахгүй гэсэн үг биш. Удахгүй бид компанынхаа IPO-г гаргана” гэж Зюкерберг 2007 оны долдугаар сарын 17-нд ярьж байжээ. Гэтэл түүний ярьж байсан үнэн болохыг 2012 он гарангуут л дэлхий нийт мэдсэн юм. Бараг нэг сар гаруйн турш яригдаж байсан Facebook-н IPO гарах нь тодорхой болов. 2012 оны хоёрдугаар сарын 2-нд нэгж бүрийг таван тэрбум доллараар үнэлсэн IPO төлөвлөгөөг боловсруулжээ. Хэдийгээр 10 тэрбум долларын IPO гаргана гэж таамаглаж байсан ч тэд 5 тэрбум доллараар гаргахаар болсон юм. Энэ нь цахим ертөнцийн компанийн хамгийн аварга үзүүлэлт билээ. 2011 он Facebook 3.71 тэрбум долларын цэвэр ашиг олжээ. Тэрээр шинэ IPO гаргахаас гадна сайн үйлсийн аянд эрчимтэй оролцох болжээ. Тэрээр сүлжээ болон компьютерийн бизнес эрхэлж байгаа шинэхэн компаниудад эхлэлийн хөрөнгө өгдөг юм. 2010 оны есдүгээр сарын 22-нд Newark Public School-д 100 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, цахим хувилбарт шилжүүлэх программыг үнэ төлбөргүй суулгаж өгчээ. Мөн АНУ-н хүнд өвчтэй болон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай өрхөд туслах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 оны 12 дугаар сарын 9-нөөс Воррен Баффет, Билл Гейтс нарын хандивын санд нэгдэж эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход хөрөнгө оруулалтыг хийхээр болсон билээ. Тэд нийт жилийн олсон ашгынхаа 5 гаруй хувийг хандивын дансанд төвлөрүүлж шаардлагатай хүмүүст хөрөнгө оруулж байхаар тогтжээ. Facebook. Энэ бол дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм. Нийт хэрэглэгчдийнхээ тоогоор Колумб, Индонезийнхээс хэдийнэ давжээ. Дэлхий дээр оршин байгаа 14 хүн тутмын нэг нь facebook хуудастай байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Facebook-г үндэслэгч Марк Зюкерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бөгөөд АНУ-н тэргүүн баячуудын нэг билээ. Түүнийг Time сэтгүүл 2010 онд оны онцлох хүнээр нэрлэж байсан түүхтэй. АНУ-ын цахим бизнесийн мэргэжилтнүүд түүнийг “гоц ухаантан”, бүр “залуу Цезарь” хэмээн нэрлэх нь ч бий.

Манай нэг найз энд тэндээс эвлүүлсэн гэсэн. Баярлалаа

“Уучлаарай, та нас барсан байна”

2012 оны 01-р сарын 19 Нийтэлсэн О.Тамир

Иргэний үнэмлэхээ хаячихаад архивын лавлагаа авахаар очсон иргэн,

-Та нас барсан байна. Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдчихжээ гэсэн хариултыг сонсоод юу ч хэлж чадаагүй гарсан гэнэ. Энэ тухайгаа ярихад нь эхэндээ итгэсэнгүй.Түүнд энэ үгийг сонсох ямар байсныг хэлэхэд бэрх. Гэхдээ түүнээс илүү “нас барсан” хүнтэй ярьсан иргэний бүртгэлийн ажилтан ямар их айдаст автаа бол оо. Амьд яваа хэрнээ нас барсан гээд иргэний бүртгэлээс хасагдсан хүний тухай өмнө сонсч байсангүй.



-Үгүй байлгүй. Та тэгээд овог, нэр, регистрийн дугаараа яг зөв хэлсэн юм уу? гэж асуутал,

-Үнэн. Регистрийн дугаараа мартах хүртлээ зөнөөгүй байна аа, дүү. Ах нь Архангай аймгийн Тариат сумынх. Хотод шилжиж ирээд удаагүй байтал гэр маань шатчихсан. Тэгээд л орон гэргүй, бичиг баримтгүй өдийг хүртэл тэнэж явна. Өнгөрсөн жил иргэний бүртгэлд хамрагдахаар очтол “Та нас барсан байна” гэдэг байгаа. Бичиг баримтгүй болохоор ажилд авахгүй, төрөөс янз бүрийн үйлчилгээ авах эрхгүй болчих юм.

Харин сүүлийн үед орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулж байгаа сураг гарсан. Тэр анкетийг бөглөөд өгчихсөн байгаа. Цаагуур чинь бичиг баримтгүй “цыган”-ууд зөндөө байгаа. Итгэхгүй бол 12:00-15:00 цагийн хооронд бид нарын хоол идэх үеэр асуухгүй юу гэлээ.

12:00 цаг болоход 15 минут дутуу байхаас эхлэн, шуудай барьсан, урагдаж хуучирсан хувцастай хүмүүс “Цамбагарав”-ын ард байрлах Вьетнам авто засвар гэсэн хоёр давхар байрны дэргэд цуглаж эхлэлээ. “Хэдэн цаг болж байна хө. Аан зөв. 10 минут л үлдсэн юм шив” гэж хамт яваа нөхдөдөө хэлж харагдана. Удалгүй үүд нээгдэж, тэд хоолондоо орохоор боллоо.

Монгол Улсад орон гэргүй буюу тэнэмэл иргэд бий болж, “траншейний”, “өвгөнтийн” гэх мэт нэр томъёо монгол хэлний үгийн санд томоохон байр суурь эзлэх хэмжээнд хүрэх нь. Харин 2010 онд орон гэргүй иргэдийг тооллогод хамруулж, 1100 орчим иргэн байна гэсэн дүн гарсан аж. Тэгвэл өнөөдөр тэдний тоо өссөн эсвэл буурсан гэсэн тоо, судалгаа алга. Хоёр жилийн өмнөх 1100 иргэнээрээ хоол хүнсийг бодож, төсөвт суулгадаг аж. Малаа жилдээ нэг тоолдог Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд нийгэмд “бий болгосон уран бүтээлээ” ганцхан удаа тоолжээ. Тооллого явуулсныхаа дараа Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шийдвэрээр орон гэргүй иргэдийг түр хоноглох байртай болгож, өдөр нэг удаа хооллож байхаар шийдвэрлэсэн. Харин орон гэргүй иргэд түр хоноглох газар хүрэлцдэггүй учир траншейндаа хонож, өдрийн нэг хоолыг иддэг. Чанарын хувьд боломжийн байдаг гэж ярьж байна. Нийгэмд хог ухдаг, архичин болж, түүнээс гарч чаддаггүй гэсэн ойлголтыг төрүүлдэг ч өөрийн гэсэн “бяцхан” мөрөөдлийг тээж явах аж. Одоогийн нийгмийн шаар, шавхруу мэтээр “нүд үзүүрлэгддэг” амьдралаасаа салахсан гэж бодож явдгаа ч ярилаа. Ажил хийе гэтэл бичиг баримт алга. Ажилд орохын тулд зайлшгүй хэрэгтэй иргэний үнэмлэх, ямар боловсролтой гэрчлэх диплом, гэрчилгээ нь тэдэнд алга. “Оюу толгой”-д ажиллахаар болсон мужаан залуу иргэний үнэмлэх байхгүй гэсэн үндэслэлээр ажилдаа орж чадахгүй, орон гэргүй тэнэж явна гэхээр харамсалтай биш гэж үү. Магадгүй бас цагдаагийн тодорхойлолт авахаар очиход нь “нас барсан иргэн байна” гэвэл гайхах зүйлгүй болжээ. Дээр нь хуучирч муудсан ноорхой хувцастай тэднийг тоох компани өнөөдөр бас алга. Нэгэн цагт сайхан ажил, амьдралтай байсан нь тэд архи уух дуртайдаа “цыган” /Өөрсдийгөө ийн нэрлэжээ/ болсонгүй. Эдгээр орон гэргүй иргэдийн дунд жолооч, засварчин, мужаан, өрлөгчин, барилгын инженер, цагдаа, бага эмч, сувилагчаас эхлээд эдийн засагч, брокер дилер компанид хүртэл ажиллаж байсан иргэн, бүр гадаад зургаан жил ажиллаж байсан иргэн ч байна. Ид хийж бүтээх насан дээрээ яваа олон залуус ч байна. Ажлыг хийхийг үүрч гараад, тэтгэврээ аван, төрийнхөө хишиг буяныг хүртээд сууж байх насныхан ч бас тэдний дунд бий. Тэтгэвэр авахаа байг гэхэд Батсүмбэрийн ахмадын асрах газарт очиж болдоггүй юм болов уу гэж бодож байлаа.

Тэгвэл орон гэргүй иргэд бий болсон хэний буруу юм бол... “Хойт эцэгтэйгээ таарахгүй гудманд гарсан надад буруу бий. Гэвч одоо больё. Ийм хэцүү амьдралаас гаръя гэтэл нэгэнт оройтчихсон байдаг юм билээ” гэж ШУТИС-д Архетиктерийн мэргэжлээр сурч байсан гэх залуу ярилаа. Учир нь тэднийг нийгэм хүлээж авдаггүй гэнэ. Халтар царайтай, хиртэй хувцастай тэднээс хүн бүр дөлнө. Ажилд авах гэхээсээ хар бор ажилд “зарцлах”-ыг илүүд үздэг гэнэ.

Монгол Улсын иргэн эх орондоо ийнхүү яваа нь манай төрийн буруу биш үү. Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү гэж улстөржүүлж, тэдэнтэй жаахан хуучлав. Тэд үгүйсгэсэнгүй. Нэг өдрийн хоол биш, харин ажиллах, амьдрах орчинг нь бүрдүүлээд, эмнэлэг, эрүүл мэнд гэхчлэн төрийн үйлчилгээнд хамрагдах хэрэгцээ байгаа талаар ярьж байлаа. Хамгийн наанадаа гэхэд Монгол Улсын нутагт төрсөн хүний хувиар иргэн шиг иргэн нь байхыг хүсч явдаг нь харагдаж байлаа.

Ажил руугаа ирэх замдаа 20 жилийн ойтойгоо золгож, бөөн шагнал, баяр наадам болоод байсан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалт эдгээр иргэдэд үйлчилдэггүй огт үйлчлэхгүй байгаа юм биш үү гэж бодлоо. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн талаар “Хүний̆г үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Үүнийхээ доор Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж байгаад уншихад нилээн хугацаа орохоор олон эрх байгаа харагддаг даа. Зүйл заалт бүрээр бичнэ гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүй бололтой. Цухас дурдахад амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, сонгох, сонгогдох, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх гэх олон эрх байна даа, бидэнд.

“Бидэнд ойрхон ирээдүй” ч гэх шиг

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн О.Тамир

“Оюу толгой”-д ажилладаг танилаасаа “За, танай компани чинь эсрэг мэдээлэл гаргасан хүнийг шууд халдаг гээ биз” гэсэн чинь “Халагдаад өнгөрвөл гайгүй байна гэж бод. Халагдахаасаа өмнө аягүй бол алагдах байлгүй” гэдэг байгаа.


Бидэнд ойрхон ирээдүй гэдэг мундаг уриатай “Оюу толгой”-д юу болдгийг мэдэх монгол байна уу? Миний олж мэдсэнээр бол 7 мянган хужаа, 5 мянган монгол ажилтан ажилладаг гэсэн. Хоногтоо таваас доошгүй хэрэг, зөрчил бүртгэгдэнэ. Үүнийг манай танил “12 мянган хүн байгаа юм чинь аргагүй ш дээ” гэж зөвтгөсөн болно. Үүнтэйгээ эвлэрсэн юм байлгүй дээ. Яагаад манай танил гээд байгааг мэдсэн биз ээ. Наанадаж ажлаасаа халагдах, цаанадаж алагдчихвал хариуцлагыг нь би үүрч дийлэхгүй нь олгомжтой.

Та бүхэн сонин бүр дээрх англи хэлээр гардаг “Оюу толгой”-н рекламыг харсан биз. Өөрийн компанийн эсрэг мэдээлэл бага цацуулах гэсэн башир арга гэхэд хилсдэхгүй дээ, түүнийг.

Ухаантай төрийн түшээд маань сүүлийн үед “Оюу толгой” бус оюунлаг толгойг эрхэмлэнэ гээд байгаан цаадах учрыг энэ компани болон уул уурхайгаас монголчууд юу олж долоохгүй гэсэн сануулга юм болов уу гэж бодох юм.

Амьдралаас минь алга бол...

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн О.Тамир

Би “хүчиндүүлчихлээ”. Учир нь надад ямар ч сонголт байсангүй. Яг үнэнийг хэлэхэд сонголт байсан л даа. Гэхдээ л би “хүчиндүүлчихсэн”. Яах вэ, ганц намайг биш, бусдыг ч гэсэн “хүчиндэж” байна гэж өөрийгөө тайтгаруулаад өгснийг нь хурдхан өвөртөө хийгээд тэднээс холдохын түүс боллоо. Энэ талаар хайртай хүндээ хэлж сэтгэлийг нь үймрүүлээд ч яах вэ гэж бодоод өвөртөлснөө нэг шалгаад тэднээс холдов. Хар шороон царайтай тэднээс холдож байгаа надтай өөр нэгэн зөрөөд тэдэн рүү очих аж. Бодвол түүнд ч бас сонголт үгүй бололтой.

Бага байхад тэдний тухай зөвхөн сонсч байсан бол одоо бол тэдэнтэй хааяа нүүр тулж, хүслийг нь хангадаг болов. Эрээн рүү явахдаа вокзал дээр анх удаа тэдэнтэй учирсан. Дараа нь Валентины баяраар кино театрт хайртай хүнтэйгээ явж байхдаа таарсан. Таарах ч гэж дээ, хамт яваа хүндээ мэдэгдэлгүй “түүнийхээр болсон”. Түүний дараа нь наадмаар бөх үзэх гэж яваад стадионы өмнө тэдэнтэй тааралдсан. Харин өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн ордонд “Шинэ үе”-ийн тоглолт үзэх гэж яваад муусайн “шагчид”-тай дахиад л тааралдсан минь энэ. Үнэндээ 8000 төгрөгийн үнэтэй тасалбарыг 15000 худалдаж авахыг би хүсээгүй. Гэхдээ л “шагчид”-ын хүслийг гүйцээж худалдаж авсан. Ингэхээр би “хүчиндүүлсэн” л болж таарч байгаа биз дээ. Бооёогийн утасны дугаар байсан бол “Болъё. Энийгээ болиулаач” гэж хашгирах байсан юм, уг нь.

Үзвэрийн цаг ойртох тусам тэдний их зан нь хөдөлж, үнээ өсгөнө. “Дүү хүү өсөөгүй байхад нь авсан нь өлзийтэй байх шүү” гэж заналхийлнэ. “Авбал ав, үгүй бол авах хүн олдоно” гэж томорно. Нэгнийх нь л гарт буйг харвал 50 орчим байгаа бололтой. Түүнийгээ зараад уучихгүй бол гэртээ 350 мянган төгрөгтэй харина гэсэн үг. Нэг өдөрт л ингэж байгаа юм чинь бараг л Бооёогоос ихийг олдог байх аа, тэд. Яах вэ “албан ёсны” тасалбар худалдагчид хувь өгдөг байж магадгүй. Улаан цайм хамгийн сайн суудлуудын тасалбар бөөндөө нэг хүний гарт байгаа юм чинь ингэж хардсан ч яадгийм, ер нь. Тэгээд үүдэнд нь шавсан тэд муусайныг хөөхгүй байгааг, цагдаад хэлж баривчлуулахгүй байгааг хараад л байгаа шүү, бас.

Эрэлтийг нийлүүлэлт гүйцэхээ болиход хомсдол үүсэх эдийн засгийн ухааны томьёо бий. Хомсдолоос “шаг” үүсдэг нийгмийн ухааны томьёо ч бий. Гэтэл бид хомсдол болоогүй байхад ч “шаг” үүсгэдэг томьёололд нэгэнт дасчихжээ. Угтаа бол үүнээс зайлсхийх арга бий. Гэвч, үүнийг өөрчлөхийг хэн ч хүсэхгүй л байна. Оюутнууд нь хөнгөлөлтийн үнэмлэхээ, үзэгчид нь тоглолтын билетээ, зорчигчид нь явах тасалбараа, иргэд нь хүний хөгжлийн мөнгөө авах очероо хүртэл “шаг”-ласаар байна.  Шатар мэддэг хүнд хэлэхэд “шаг” гэж бий, гэвч энэ нь “мад” биш хойно аргалж болно. Харин шагчдад бол өөр үг хэлнэ. Амьдралаас минь алга бол…

Эх сурвалж: enkhmandakh.wordpress.com